xvv
Ж.Батцэцэг

Нүдээ аниад
Аниад л
Ертөнц гэдэг чимээнээс
Зууртаа тасаръя
Гэрэл харанхуйг
Үл ялгахын тулд
Гэнэ сэрэггүй амьдралыг
Түр мартахын тулд
Алган дээрээ байгаа бүгдээсээ
Агшин зуур салахын тулд
Аяа, бас үнэ цэнэтэйг нь мэдрээд
Амиа тавьж хоргодохын тулд
Нүдээ анья

Сормуусаараа нүдээ хучаад
Сох амьдралыг орхиод
Сайн муу хоёр дэнсний
Сайн нь байх гэж
Санаархах
Шунаг сэтгэлээ мартъя
Харцаа нээхээр
Халуун их дуу чимээ
Сайхан муухай
Саваагүй дурсамжууд
Таних танихгүй зүс царай
Таатай таагүй үзэгдлүүд
Холилдон
Хорвоогоор нэг холхино
Ичмээр, огт ичмээрийг
Харахыг хүсч
Ахиад л нөгөө дурсамжууд
Ахиад л санах хүсэхийн зовлон
Ахиад л авах эдлэхийн шунал
Ахиад л алдаршин цуурайтахын хүсэл
Ахиад л мөнхрөн залуужихын горьдлогод
Ахиад л нүдээ аньж
Ангижран тасрах хүртлээ
Автагдана
Нүдээ аниад
Аниад л
Ертөнц гэдэг чимээнээс
Зууртаа тасаръя.

Эх сурвалж: altai-mountains.blogspot.com

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)