xvv
Ёохор хатирах өлмий зүрхэн дээр минь нижгэнэвч
Ёо! гэж үзээгүй эр хүний зүрхсэн
Ёроол үгүй хагацал дээр түлхэн түлхэн бөхийлгөвч
Байя! гэж хэлээгүй эл дол сэтгэлсэн

Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шүршилтэнд
Урьдын шархтай зүрх минь тэсээ гэж үү шүтээн минь!
Уруул амны чинь интоорт, шүлс залгин хорхойсовч
Учир зовлон тоочиж чөлөө гуйдаг юм билүү дээ…

Хонгорхон сэтгэл хичнээн зөөлөн байваас
Хорвоогийн тоглоом төчнөөн хатуу байдгийг
Үзсэн цэцэн үзээгүй тэнэг хоёрын
Үүрэх зовлон дүндээ дүн ч юм уу даа

Учрыг мэдсэн хүн өөрийгөө захирах гэж
Уураг тархин дотроо битүү зовлон эдэлнэм
Учир мэдэггүй хүн өрөөлийн хойноос үхэж
Улаан зүрхээ зүсэж ужиг зовлон амснам

Онолын цэц хаялаа гэж та битгий дургүйц
Охин хонгор дүүгээс минь ялгаа юу байх вэ!
Орчлонг чамаас нуугаад би хаана нь үлдэх вэ
Оонын хоёр эврийг ороож барьж болдоггүй юм

Хатуу хэцүү амьдралд намайг чамтай уулзуулсан нь
Хаа холын ерөөл биш нас биеийн хяслан биз
Хар сайхан мэлмийг чинь харахгүй явах нь яав гэж
Халаг дурсан зовох урьд насны минь үйл байх яая гэхэв!

Зөрүүд хатуу цагийн минь зөгнөл зүүдэнд оролгүй
Зөв буруу хоёрын минь зөрөг зам дээр учрах гэж
Гурван навчис доороо нуугдаж ургасан гүзээлзгэнэ шиг
Гунигтайхан гоо бүсгүйтэн өнгө зүстэй өсөө юү дээ?

Учиръя гэж учраагүй чиний буруу ч юм уу
Учирсанаа мартаж чадаагүй миний буруу ч юм уу
Уул уулын оргил шиг залуу насны оргил хавьд
Уруудах өгсөх хоёр ингэж учрах ч гэж дээ

Чамгүйгээр би яаж амьдарна даа!… гэж
Час улаан торго шиг залуу насан гунихардаг
Надгүйгээр чи яаж ч амжина билээ!… гэж
Наргил зандан мод шиг ахимаг насан ганихардаг

Одоо тэгвэл би аль ч гунигт нь хамаарахгүй
Орон тоо завсардсан хороо хорины алдуул шиг
Залуу хөгшин хоёрын заагт бэлчих наснаас
Заавал биднийг уулзуулсан заяа тавиланд уурснам

Хажуу дахиа эзлэх гэдэг хаант төрийн ёс юм
Харснаа авах гэдэг хайр хүслийн жам юм.
Ханагар энэ хорвоод хүний сувдаг сэтгэл
Ханаж цадсан түүх миний мэдэхэд байхгүй

Учир иймээс чамайг амрагаа болгож авахаар
Ужиг хүйтэн шөнүүдэд янз янзаар бодлоо би
Угаас ер нь эрцүүл түрэмгий зантай хойно доо
Уучилна биз дээ миний аминч энэхэн яриаг?

Үнсэхээс эр нь буцахгүй, үнсүүлэхээс эм нь няцахгүй
Үзэсгэлэн залуу насаа үрэн таран хийхээс ч буцахгүй
Үхэх төрөхийн завсар дахь үйлт цэнгэлд улайрдаг нь
Үй түмний ёс хойно гайхах нь ч юу байх вэ!

Цаана нь гэтэл миний амь настай холбоотой
Цагдаж зогсоож болохгүй алс хэтийн зорилт байна
Цанхуй цэцэг шиг чиний амьдрал дурлалтай холбоотой
Цайруулж уучилж боломгүй айл гэрийн зөрөлт байна

Алиахан бага насны амгай зуузайнд хөтлүүлж
Алтнаас үнэтэй цагаа цэцэрлэгт үрж болохгүй
Анир чимээгүй дүнсийх ажил бүтээлийн өрөөнд
Амрагжин гоогийн нулимсаар шүлэг бичиж болохгүй

Хонгор чиний насанд үзэмж тэгширч өсөөд
Хорвоогийн элдэв ёсыг үнэрлээд өнгөрч болохгүй
Хоол нойроо ч хайрлалгүй бүжиглэж ханах сан гэхээс
Хоёр хөл чинь загатнаж орон гэр чинь давчиднаа.

Агуу их хорвоогийн хууль гэдэг хатуу
Ажил гоёл хоёрын хувцас хүртэл тусдаа
Алтаар сэлэм давтаж, сувдаар шил зүсдэггүй
Алмасаар шүд бүрж, торгоор бөгж хийдэггүй

Жирийн харахад ялгаагүй ч тавилан гэдэг амаргүй
Жимс самар хоёр нэгэн мөчирт ургадаггүй
Чимхээр эс бол нэгэн савтай хоолонд
Чихэр давс хоёрыг ханатал нь хийж болдоггүй.

Дагаж явахаас давж болохгүй миний ёс
Дайрч гарахаас тойрч барахгүй чиний нас
Арга ч үгүй ингэж ацан шалаанд оржээ.
Алтан сайхан хормоо алдаж уулзсан хохь нь ээ!

Гудамж зээлийн газраар наргиж тургиж явахдаа
Гуулин хөгжмийн аясаар найгаж найзалж байхуй даа
Гурван навчис доороо нуугдаж ургасан жимсэнд
Гутал шүргэн өнгөрч харалгүй явсан заяа минь

Дурлал хүчтэй байдаг! гэж номын цитат хашгирч
Дуугүй ихэмсэг хорвоог духаараа мөргөөд дийлэхгүй
Савангийн хөөс их ч хүн зодож болдоггүй
Сахлын тонгорог хурц ч гуалин зүсэж дийлэхгүй

Байгалийг хүн захирна! гэж ажлын лоозон давтаад
Баригдах биегүй заяаг баглаж хүлж барахгүй
Элбэг сархад байлаа ч цай чанаж болохгүй
Эм тан байлаа ч хоол хийж болохгүй…

Орчлонг согтоох үзэмж шүлэг бичихэд нэмэргүй
Орчлонг багтаах ухаан ч бүжиг хийхэд нэмэргүй
Оноож өгсөн тавиланг зөрүүлж хэрэглэж болдоггүйгээс
Од цэцэг хоёр нэг вааранд ургасангүй

Тэргүүлэгч цэцэг болоосой гэж од доошоо тонгойном
Тэнгэрийн од болоосой гэж цэцэг дээшээ өндийнөм.
Тэр хоёр гэвч бараа бараагаа л харалцнам...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Тэнгэрийнх нь тэнгэртээ, газрынх нь газартаа... халаг гэж
нэг мөр нь дутуу орчихсон байна
Зочин хэзээ бичсэн: 2015-03-01 19:03 | |
ai bi od boloh yumsan
od tsetseg 2 neg vaarand urgahgui..gaihaltai shuleg baina
Gj хэзээ бичсэн: 2010-05-26 15:26 | |