xvv
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй
Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй
Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй
Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ.
Би
Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй
Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй
Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй
Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. 
Би
Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй
Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж төрөөгүй
Бүрхэг тэнгэрийн бороонд норж бээрэх гэж төрөөгүй
Бүтэхгүй хайрын суманд оногдож шархлах гэж төрөөгүй ээ.
Тэгвэл би яах гэж төрсөн юм болоо.
Би
Амраг хосууд хайрын дуугаар дутахвий гэж
Айлын инээд хөөр үр нь болох гэж төрсөн юм.
Заяадаг л нэг үр биш
Зарчимдаа үнэнч, ачлал нь уужим охин нь болох гэж төрсөн юм.
Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Бэлтгэлгүй нэг нь сэтгэлийнхээ жаварт цантахвий гэж
Бэх цаасаар шүлэг нэхэх гэж төрсөн юм.
Зүгээр ч нэг шүлэг
Зүү нь хурц, утас нь гэрэлтэй шүлэг нэхэх гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Эрэмбэгүй үхэл ээлжгүй нэгнийг дайрахвий гэж
Энэрлийн дээд эмч болох гэж төрсөн юм.
Тааралддаг л нэг эмч биш
Тархи нь мэдлэгтэй, сэтгэл нь цагаан эмч болох гэж төрсөн юм.

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Оломгүй хайраар дутаж эр хүн ганцаардахвий гэж
Орчлонг хамтдаа элээх бүсгүй нь болох гэж төрсөн юм.
Олддог л нэг бүсгүй биш
Оюун нь цэлмэг, хайр нь үнэнч бүсгүй нь болох гэж төрсөн юм .

Би яах гэж төрсөн юм болоо.
Би
Туургатан монгол минь түүхийн өмнө сөхрөхвий гэж
Тулгаа галаар таслахгүй байх монгол хүн болох гэж төрсөн юм.
Төрдөг л нэг монгол хүн биш
Төрсөн эх орныхоо төлөө зүрх нь өвддөг, тархи нь гашилдаг монгол хүн болох гэж төрсөн юм.

by Tsoom ( https://tsoomiin.blogmn.net/ )

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)