xvv

Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя.

Ардын дуунуудын домог, түүхээс

1. Жаахан шарга
Энэ дуу 1960-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин Дагын хүү Инзноров, Ургамал Зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар болоод байтал хошууны ноён Чимэдлхамыг хүчээр богтолж авчээ.

Зунд гэдэг нь цол бөгөөд Дарьганга хошуунд ийм цолтой хүн дөрөвхөн байсан гэдэг. Зунд цолтой хүнийг ойсон голтой отого жинсээр шагнадаг бөгөөд тэр хүн эзэн хаанд биеэр бараалхах эрхтэй байсан юм. Ургамал Зунд охиныхоо инжинд их олон юм өгсөн гэдэг.

Чимэдлхам ноёныд хүрээд хэд хонож байтал, Норов "Удахгүй оргуулж дутаалгана шүү, сэрэмжтэй байгаарай" гэж хэл ирүүлжээ. Энэ чимээг сонссон Чимэдлхам ойр зуур хэрэглэх хувцас хунараа бэлтгэх гэтэл хадам ээж нь хувцасны авдрын түлхүүрийг нь авчихсан болохоор ил байсан ганц уужийг аргал дор нууж бэлджээ.

Болзсон цагтаа гэрээс гарахдаа үдшийн бүрийгээр аргал хормойлж ирье гэж гараад нуусан уужаа нөмгөн дээл дээрээ өмсөөд зугтсан байна.

Тэр хоёр шөнөжин давхиад Лхамаа гангын бургасанд нуугдаж амьдарчээ. Тэндээ намрын туршид бургасанд хоол ундаа зөөж авчирж иддэг байсан аа

Таг ширээ нутаг нь
Таван өнгөөр найгана
Танхил өссөн тэр минь
Танихгүй хүнээс дайжиж суудаг болбуу?
Дүш ширээ нутаг нь
Дөрвөлжилж барайгаад харагдана
Түмгэр жаахан чамдаа
Төдлөх тусмаа санагдана

гэж дуулсан байдаг. Ноёдын эрэлчин ч цөхөрсөн байлгүй, төдөлгүй чимээ тасрав. Нэгэн өдөр, Инзноров гэрийхээ гадна сууж байхдаа "Лхамаа одоо гэртээ харья. Яавал яаг" гээд оройхноор хөтлөө морьтой мордож, Лхамааг гэртээ аваад ирсэн гэдэг. Ноёныхон хэзээ л ирдэг бол гэж хэдэн хоногоор дэн дунтай суулаа. Хосуудын аз ивээж тэднийг сандаргааж зовоосонгүй. Тэгээд л Инзноров, Чимэдлхам хоёр арваад хүүхдийн ээж аав болж амар мэнд амьдарсан гэдэг.

Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай тасарлаа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа

Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай

Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ

Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ...

2. Бүсгүй хүний заяа
Энэ дуу бол үзэмчин ардын дуу. Монгол нутагт дээр цагт бол хаа ч ялгаагүй эхнэр болж буй хүн нөхрийн нутаг хошуунд даган очиж амьдардаг байжээ. Тийм ч учраас бэр буулгана гэсэн үг гарсан байна. Харин энэ дуу бол нөхрөө дагаж хол нутагт очиж буй охиноо, шинэ бэрээ аргадан тайтгаруулах гэсэн санаатай дуу юм.

Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юм аа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юм аа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

Өндөр газар ургана гэдэг чинь ээ хө
Өргөст модны жам юм аа хө
Өөр газар очно оо гэдэг нь ээ хө
Бүсгүй хүний заяа юм аа хө

3. Алтаргана
Энэ бол буриад ардын дуу билээ. Алтаргана буюу алтан харгана [caragana] нь иш бөх, үндэс гүн ургах Монгол оронд хаашаагүй тааралдах сөөг ургамал юм. Буриад зон амь бөхтэй алтарганыг урт удаан оршихуйн бэлгэдэл хэмээнэ. Монгол даяар харин муу зүйлээс хамгаалахын бэлгэдэл болгон гэрийн тотго зэрэгт тогтоох нь бий.

Урьд нэг их номтой хүн чөтгөртэй дайралдаад хэн нь юунаас их айдаг талаар хэлцэж байж гэнэ. Тэр цагт чөтгөр хуврагт,
- За би алтан харганаас л их айдаг даа гэж, харин хуврага,
- За би ч аагтай цай, өөхтэй махнаас л нүгэлгүй айдаг даа гэж дээ.
Төд удалгүй тэр хоёр эвдрэлцээд, хуврага чөтгөрийг их чадаад алтан харгана дунд орж хоргодсонд чөтгөр дэмий л ойртож чадалгүй баахан цай, мах овоолж хүлээж ядаад яваад өгч гэнэ. Хуврага ч сайхан цай ууж мах идэж аваад орон гэртээ харьж амь гарсан гэдэг домог бий.

Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба эжий хоёрни

Эбэри газара ургагшэ
Ишэ бүхэтэй Алтаргана
Элигэн дээрээ тэнжээhэн
Эжий аба хоёрни

Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба эжий хоёрни

4. Ар хөвчийн унага
Ар хөвчийн унага бол Монгол нутагт хааяагүй тархсан айзам уртын дуу. Ар хөвчийн унага дууны домог их олон хувилбартай олон янзаар дуулагддаг. Домог нь ч бас өөр өөр байдаг бололтой. Үзэмчин, Баргын нутагт тархсан хувилбараар бол тогос бор морьтой нэгэн сайхан залуу өөртэйгээ эн тэнцэх сайхан хүүхнийг эрж олохоор холын замд гардаг гэнэ. МҮОНР-ийн 3-р суваг ФМ 100.9 -ийн тэмдэглэсэн нэгэн домгийг хүргэе.

Эрт нэгэн цагт юм гэнэ. Зүүн зүгийн нутаг Ээж нуурын хавиар Пэрэнлэйжамц гэдэг хүн нутагладаг байжээ. Түүний хүү Жаргал хэмээх залуу нэгэн баян айлын сайн мориор чоно хөөж яваад хөлийг нь гэмтээчихэж. Тэгээд морины төлбөрт орохоос айн зугтаж, алс холын Алтай хангай хэмээх нэгэн нутагт очиж, Цогт хэмээх баян айлын адуу малладаг болжээ.

Алтай хангайгаар нутагтай тэр Цогт баяных Янжиндулам гэдэг нэртэй, туурга нэвт туяатай гэр нэвт гэрэлтэй үзэсгэлэн гоо охинтой юм гэнээ. Өдөр хоног өнгөрсөөр ... Жаргал, Янжиндулам хоёр хайр сэтгэлтэй болжээ. Цогт өвгөн хөгшинтэйгээ хоёул Жаргалыг номхон шударга сайн залуу хэмээн тоож, хүргэнээ болгохоор сэм ярилцжээ. Нэгэнт л нэг гэрийн дөрвөн хүн ингэж санаа бодол нийлсэн болохоор төд удалгүй хурим найр хийжээ. Хуримын анхны шөнө Янжиндулам бүсгүй эр нөхөр Жаргалынхаа энгэр цээжинд наалдан байж: “Чи надтай энэ насаараа амьдран сууя гэж бодож байгаа бол арын өндөр уулын орой дээр бүү гараарай” гэж учирлан захижээ. Жаргал учрыг лавласан боловч Янжиндулам нарийн учрыг нь эс хэлэв гэнэ. Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрч дээ. Нэг өдөр тэдний адуунаас хоёр азарга адуу алга болсон байлаа. Бачимдаж сандарсан Жаргал уулын орой бүр дээр гарч алсын бараа хараачилсаар яваад нэг мэдсэн чинь Алтай хангайн орой дээр гарчихжээ.

Алтай хангайн шугуй дотроос алтан гургалдай нисэн гарч ирээд яруу сайхан донгодох дуун уянгалан цуурайтахуйд сэржигнэсэн жаврын эрч сулран найрсаад, харгилан урсах горхины урсгал зөөлрөн туналзаж, огторгуй дахь хөвөн цагаан үүл уудамшин цэлийв гэнэ шүү. Алтан гургалдайн уран донгодох уяхан яруу эгшиглэнд адуучин Жаргал уяран суухуйд алсын алсад тэнгэрийн хаяанд уран зэрэглээ жирэлзэх шиг, ээж говь нь үзэгдэх шиг болж, ачит эцэг эх, авааль хонгор бүсгүй нь эрхгүй дурсан санагдаж, сэтгэл дотор нь үймрэн догдолж:

Арын өндөр модонд
Яруу дуутай гургалдай
Түүний дуунд санагдсан
Аав, ээж хоёр...
Хөх саглагар модонд
Хөхөө шувуу донгодно
Хөгшин буурал ааваасаа
Хөндий хол сууна даа, би... гэж дуулав.

Дараа нь Жаргал Алтай хангайн ар бэлийн хөх шугуйгаас хоёр азарга адуугаа олоод үдэш нь гэртээ ирэхэд нь эхнэр нь түүний царайг хараад учрыг ойлгож: “Хонгор минь царай чинь их муу байх чинь. Чи лав Алтай хангайн орой дээр гарчээ дээ” гээд хөөрхөн хар нүднээс нь тунгалаг нулимс мэлмэрэн ирэхүйд, хархүү ихэд сандран хайрт бүсгүйгээ тэврэн аваад: “Чи яаж мэдэв” гэхэд, Янжиндулам: “Алтай хангайн шугуйд алтан гургалдай эргэлддэг юм. Алтан гургалдайн уянгалан донгодохыг сонссон эр хүн, эр морь хоёр нутаг ус, ижлээ сүргээ санаж тогтож байж чаддаггүй гэдэг юм. Одоо чи нэгэнт нутаг усаа санахгүй байж чадахгүй болов” гээд нулимс бөмбөрүүлэв. Эхнэр нь хэсэг уйлж байснаа нулимсаа арчаад Жаргалд хандан: “Нутаг чинь хол шүү. Иймд чи миний үргэлж унадаг жаахан бор морийг унаад яв даа. Өөр морь бол горьгүй шүү, намайг санавал жаахан бороо унаад ирж байгаарай” гэж хэлжээ.

Маргааш өглөө нь адуучин Жаргал хадам аав, ээж хоёр дээрээ орж төрж өссөн нутаг ус, гэр орон, асралт аав ээж юугаан эргэж тойрох гэсэн санаа бодлоо цухуйлгахад, “Хүний үр болсон хойно хөөрхий дөө, эцэг эхээ эргэж үзэлгүй яахав” гээд зөвшөөрчээ. Тэгээд Жаргал: “Би янзаган тогос борыг унаад явъя даа” гэхэд, хадам аав ээж нь: “Ээ дээ хүү минь, ямар адуугаа барлаа гээд тэр муу жаахан борыг унав гэж. Гэвч өөрийн дураар болтугай” хэмээжээ.

Маргааш нь Жаргал хархүү тогос бор мориндоо мордож жолоо сунган давхиулжээ. Тогос борын дөрвөн туурай газар хүрэхтэй үгүйтэй, сүүл нь арагш намиран хийсэж зоо нуруутай нь тэгшрэн, Жаргалын хоёр чихэнд хээрийн салхи исгэрэн шунгинаж байлаа. Өглөөний нарнаар халхын Алтай хангайгаас гарсан тэр бээр бага үдийн алдад зүүн хязгаарын зэрэглээтэн байдаг Ээж говьдоо ирчихсэн байв гэнэ. Жаргал төрсөн нутагтаа ээж аав, эхнэр хүүхэдтэйгээ баяр хөөртэй олон өдөр сарыг өнгөрөөж байлаа. Гэтэл нэг өдөр тогос бор нь уяан дээрээ үүрсэн янцгаахыг хараад Арын сайхан хангайд буй амраг хонгор Янжиндулам бүсгүйгээ гэнэт санажээ.

Тэгээд Жаргал тогос бор мориндоо мордон Алтай хангай нутгийг зорив. Өглөө мордоод гарахад үдэд хүрчихдэг, үд өнгөрөөгөөд мордвол үдэш хүрчихдэг болохоор Жаргал хархүү үзэсгэлэнт Янжиндулам бүсгүй дээрээ байн байн ирж очиж, нааш цааш олонтоо явдаг болжээ. Түүнийг ирэх бүрд нь Янжиндулам бүсгүй: “Жаахан борыгоо гамнаж эдлээрэй. Түүнээсээ салаагүй байсан цагт чи хүрье гэсэн газартаа хүрч, уулзъя гэсэн хүнтэйгээ саатал үгүй уулзаж чадна. Морийг чинь муу хүн хорлуузай, хичээж яваарай” гэж санаа алдан захидаг байжээ.

Нэг удаа авааль эхнэр нь Жаргалыг хаа нэгтээ рүү байн байн яваад байгааг мэдээд ихэд сэжиглэн хардаж, уяан дээр хөлс нь сэвэрч амжаагүй байгаа жаахан бор морины наана цаана нь гарч шинжин сонжиж, буруу зөв талд гарч ажиглаж харж байгаад тогос борын хоёр улаан суганд нь хурууны өндгөн чинээ махан хэл амьсгалах тоолонгоор нь нэг бултайж, нэг далд орж байхыг олж харжээ. Уурлаж бухимдсан тэр эхнэр “далавчтай морь гэдэг нь энэ байх нь... Манай хар хүн байн байн алга болчихоод байдаг нь цаанаа лав учиртай” хэмээгээд, гэртээ гүйн орж үйлийн хайчаа сэм авч ирээд тогос борын хоёр махан далавчийг хайчилж орхижээ. Нэг өдөр Жаргал Арын сайхан хангай орж, амраг хонгор Янжиндуламтайгаа уулзахаар тогос бор мориндоо мордоод гарч өгчээ. Унасан морь нь явах тусмаа сульдаад нэг л өөр байв гэнэ. Гэсэн хэдий ч Жаргал Янжиндулам бүсгүйгээ санахын эрхэнд урагшилсаар л байв. Тэгтэл ус ч үгүй, унд ч үгүй нэг цөл газар ирээд тогос бор нь таг зогчихов. Ингээд хүн амьтангүй цөл газар морьтой, хүнтэйгээ харангатаж хатсан юм гэдэг. Гэсэн хэдий ч Жаргал хархүү хатаж үхсэн мориныхоо молор толгойг тэврээд:

Ар хөвчийн унага
Алтанхан жигүүртэй бор тогос
Алс холын хүмүүнтэй
Анхнаасаа юунд танилцав даа

Энхэр хөвчийн унага
Эрдэнэ жигүүртэй бор тогос
Энгийн холын хүмүүнтэй
Ингэж юундаа ханилав даа

Сүндэрлэн харагдах нь
Сүмтэй будрын чулуу
Сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь
Миний хайртай алдрай

Дэнжин нуурын чогчого
Дэнжээн дагаад жиргэнэ
Дэмий хүмүүнтэй ханилсан
Миний хүүгийн сэтгэл дээ

Алтан шар нар нь
Алтран тунараад туслаа
Амраг түүнийгээ санахлаар
Алсын замыг хөөлөө... гэж гашуудан дуулсан юм гэдэг.<>

5. Бор борын бялзуухай
Бор борын бялзуухай дууны түүх хүүхэн хутагтын зургадугаар дүр Найдансүрэнтэй холбогдоно. Хэдэн жилийн өмнө баргын нутагт Сайнхүү гэж нэг олон адуутай баян хүн байжээ. Сайнхүүд их хүнд өвчин тусаад Богдын хүрээнээс Хүүхэн хутагтыг их эрдэм чадалтай хэмээн залж үзүүлсэнд, Хүүхэн хутагт: “Танай адуун сүрэгт 33 шарга морь байдаг юм байна. Тэр чинь гай зовлон дуудаад байна. Тиймээс түүнийг зайлуулбал амь тань аврагдана” гэж хэлжээ. Гэтэл өнөө баян амь наснаасаа илүү морьдоо хайрлаад зайлуулахгүй байгаад байж. Тэгэхээр нь Хүүхэн хутагт түүний амь насыг аврахын тулд хоёр шөнө отон хүлээж байгаад гурав дахь шөнө нь 33 шарга адууг нь хулгайлан хөөж, Долнуурын хавьд аваачаад худалдчихжээ. Өвчин нь илааршиж эдгэрсэн өнөө баян адууг минь хулгайлав гэж Ар богдод заалджээ. Тэгээд богд Хүүхэн хутагтыг дуудан авчирч Сайнхүүгийн өмнө ташуурдаж шийтгэхэд, тэрээр газар элгэдэн хэвтээд, энэ хүний амийг аврахын тулд адууг нь хөөсөн нь үнээн гээд хэдэн тоотой адуу, хаагуур дамжуулан, хаана аваачиж юугаар арилжсан зэргийг нэгд нэгэнгүй тоочин дуулжээ. Дуулж дуусаад өндийхөд нь Хүүхэн хутагтын элгэн дороос нь нэг бор бялзуухай гарч нисчээ. Үүнийг харсан өнөө баян тун ихээр сүслэн биширч заргаа буцаасан гэдэг юм. Гэсэн хэдий ч Хүүхэн хутагт “Төр байсан цагт хулгай бий, зэм байсан цагт чоно бий” хэмээгээд шилийн эрчүүдийн зам мөрөөр орж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, баяд ноёдын адууг хөөж, ядуу зүдүү хүмүүст түгээн өгдөг болсон юм гэнэ лээ.

Бор бор бялзуухай
Босон суугаад жиргэнэ
Болзошгүй жаахан хүүхэн хутагт
Баруун хойш зориод гарлаа
Хар талын манаач нь
Харин ч хэцүү манаач байна
Хоёр шөнө нь отлоо
Хойт шөнө нь авлаа…

Эдгээр дууны үг домгоос гадна найр хуриманд ардын урт, богино ямар дууг дуулж болох болохгүй талаар зөвлөгөөг хүргэж байна. Найр наадмын цагт Монгол дууны урлагийн нэг сонгодог хэлбэр болох уртын дуугаар ая барьдагийг чухамдаа хурим найрын цагт идээнийхээ аль сайныг таваглаж, архи айрагныхаа аль шимтэйг сөгнөдөгтэй адилтгаж болох юм. Уртын дуу, ялангуяа айзам уртын дуу нь дуулаачаас дуу хоолойн чадвар, дуулах ур маягийн дээд хэм хэмжээг шаарддаг. гэхдээ найрын гурван дуутай, наадмын гурван даваатай байхыг Монголчууд эрхэмлэдэг.

Найран дээр салж хагацсан, гуниж гутарсан дуу дуулж болохгүйг ихэнх хүмүүс мэддэг ч үгийг нь анзаарахгүйгээр дуулчих тохиолдол бий. Цээрлэдэг дуунд "Эрүү цагаан болжмор", "Хулсан ташуур", "Шалзат баахан шарга", “Хар торгон хамжаар” зэрэг ордог. Мөн найр эхлүүлэх, найр жаргаах дуу гэж бий. "Түмэн эх", "Хэрлэнгийн баръяа", "Жаргалтайн дэлгэр", "Таван эрдэнэ" зэрэг дуугаар найр эхлүүлнэ. Хуриман дээр Хэнтий, Дорнод чигийнхэн "Хөөрхөн халиун" -ыг даяараа дуулдаг, харин хойт зүгийнхэн дунд "Хүрэн толгойн сүүдэр" -ийг шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү дуулдаг. “Хөөрхөн халиун”, “Үлэмжийн чанар”, “Ганган хул”, “Дөрвөн настай халиун” болон нийтийн дуунуудыг хуриманд дуулахад тун зохимжтой гэж үздэг. Гэхдээ нутаг нутгийн ёс өөр байж болохыг анхаарууштай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Angela

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)